Суут богд Чингис хаан Монголын нэгдсэн их гүрнийг байгуулаад /1206 он/ төрийн сүлд тугаа анх мандуулж, өв тэгш тайлга үйлдсэн энэхүү хүндэтгэлтэй өдөр Бурхан халдун уулын тэнгэрийн тайлгын төрийн ёслолд биеэрээ оролцож, тэнгэрлэг суут их хааны сүлд тайлгын хишигтэн болж буй өлзий учирт энэ өдрөө эгнэгт бишрэн дурсах нэр төрийн бэлэгдэл болно.
Үүний тулд хичээнгүйлэн мэдвээс зохилтой төр ёсны хөлгөн их судар болсон өвөг дээдсийнхээ олон зууны эртний уламжилалтай ёс, дэг жаяг, дэглэмийг мэдэгтүн! дагагтун!сүслэнбишрэгтүн!
Өндөр дээд эцэг өвөгдийн үеэс онголж тахисан төрийн сүлд тайлгын овоо, Хан Хэнтийн дархан цаазтай нутаг үеийн үеэс өвлөж хадгалсан, хаа ч давтагдашгүй эртний унаган төрх тэргүүтэн бүхий энэ онгон дагшин газрыг өчүүхэн төдий ч хөндөж гэмтээн бусниулахыг үл цээрэлбэл тэрсүү хар нүгэл болохыг болгоон мэдтүгэй.
Хэрлэнгийн дээд гүүрнээс Хэнтий ханы дархан уул овоо хүртэл зорчих замын дагуу ба байрлах газар, тахилга, наадмын талбайруу хүрч очихоос өөр зүг чигт унаа машинтай гарч сэлгүүцэн, салаа зам гаргах, тайгын хөвд болон хөнгөн нойтон хөрсний эмзэг зөөлөн гадаргууг машины дугуйгаар ухаж төнхөх, нүх сүв малтан эрүүл газыг эвдэж эмтлэх, хөрсөн дээр хоол ундааны шавхруу, лааз шил, цаас, яс зэрэг элдэв бохир зүйл ил задгай хаяж асгах, мод бут сөөг хугалж гэмтээх, буу зэмсэг авч явах, гол горхины загас жараахай, жигүүртэн шувуу болон ой тайгын том жижиг, ан амьтдыг зориуд үргээн цочоох, агнаж буудан дайжуулахыг чанд цээрлэбэл зохилтой гэдэгтүн.
Хэнтий ханы их тайлгад очих зорчигч бүр ил задгай буюу машин техникийн дэргэд гал түлэх, унтраагаагүй тамхи хаях зэргээс гарах аюул ослоос сэрэмжлэгтүн! Хэрвээ уг үүргээ умартаж, ямар нэгэн хэлбэрээр зөрчвөл Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэдгийг цаг ямагт санаж, өөртөө болон бусдад шаардлага тавьж байгтун! Даваа гүвээний шавар усанд сууж татуулсан, эвдэж гэмтээсэн газрын хөрсийг тухай бүрийд нь тэгшлэн додомдож үлдээхийг машинаар зорчигч хүн бүр хийж хэрэгжүүлж дагагтүн !