Бурхан Халдун Хайрхан
Бидний Монголчуудын хувьд хүндлэн дээдлэх бахархалт шүтээний нэг болсон Бурхан Халдун Хайрхан нь Хиад боржигоны өвөг Бодончарын үеэс эхлэн, Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж ирсэн монгол туургатны эх, түүхийн голомт нутаг билээ.
Их Монгол Улсыг байгуулж, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их Эзэн Чингис хаан “Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүхэн тахисугай, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж нэгэнтээ андгайлж, түүнийг монголчуудын мөнхийн шүтээн уул болгосон юм. Бурхан Халдун Хайрхан нь Монгол үндэстний голомт нутаг, язгуурын монголчуудын өтгөс дээдсийг нутаглуулсан, Чингис хаан өөрөө тахиж байсан, их хаадыг хөдөөлүүлсэн, монголчуудын эрхэм дээд шүтээн уул бөгөөд 12 дугаар зууны үед Монголын эртний хууль цаазны бичиг болох “Халх журам”-д дархан цаазтай болгосон билээ.
“Нууц товчоо” судрын 179 дүгээр бүлэгт “Гурван мөрний тэргүүнд хэнийг ч бүү буулгагтүн” хэмээн айлдсан. Тэрхүү гурван голын эх гэдэг нь өдгөөгийн Онон, Хэрлэн, Туул голууд эх авч урсдаг Хан Хэнтий нуруу билээ. Хан Хэнтийн уулсаас Хэрлэн, Онон, Туул, Естий, Захар, Шороот, Минж, Ерөө, Хараа зэрэг томоохон голууд тэдгээрийн цутгалууд эх авч урсах бөгөөд нэг хэсэг нь Умард мөсөн далайн, нөгөө хэсэг нь Номхон далайн ай савд цутгадагаараа Монгол орны төдийгүй бүс нутгийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалахад чухал үүрэгтэй. Нөгөө талаар Монгол орны нийт ойн нөөцийн 30% нь Хан Хэнтийн нуруунд байдаг.
Үүнээс гадна Монголын болоод дэлхийн түүхийн өв, мөнхөд хадгалж хайрлан хамгаалж байх ёстой энэ нутагт мянга шахам булш бунхан байгаа нь тогтоогджээ. Түүний дотор онцгой их анхаарал татсан дурсгалууд ч олон бий.
Тахилга тайлга
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 181 дугаар зарлигаар Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслолын үйлдэх хуваариар Бурхан Халдун хайрханыг 5 жилд 1 удаа тахихаар болж ээлжит тахилгыг 2015 онд тахилга тайлгын ажлыг зохион байгуулсан.
Бурхан Халдун хайрханд зорчих аялагчдыг цэгцлэх, Төрийн тахилгыг олон янзаар хийж байгааг 1 мөр болгох, ард түмний тэр дундаа нутгийн зон олны хууль мэт дагаж мөрдөж тушаалаар батлагдсан Төрийн тахилгат Бурхан Халдун хайрханы тайлгын наадмын уламжлалыг сэргээх тахилгаас тайлгын наадмыг салган тусгай хамгаалалттай нутгийн хилийн цэсийн гадна талд хийдэг болгох, байгаль орчны талхагдлыг эрс бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горим дэглэмийг мөрдөх боломжийг бүрдүүлcэн.
Дэлхийн өвд
2015 оны 7-р сард ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы үеэр Монгол улсаас нэр дэвшүүлсэн “БУРХАН ХАЛДУН ХАЙРХАН, ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН ТАХИЛГАТ ГАЗАР НУТАГ” нэрээр Дэлхийн өвийн жагсаалтанд соёлын өвийн ангиллаар бүртгэж, түүнийг хүн төрөлхтний хамгаалан авч явах байгалийн өв гэж бүртгэгдлээ.
Хан Хэнтийн нуруунд орших Дэлхийн өвд нэр дэвшигдэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэгдэн, батлагдсан энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөн морьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт 415012 га талбайг эзлэн оршино.
Ургамал
Хан Хэнтийн дархан цаазат газарт 85 овгийн 389 төрөлд хамаарагдах 1229 гуурст дээд ургамалтайгаас модлог 29, хүнсний 26, эмийн 84 зүйл ургамал бий. Нэн ховор 23 зүйл, ховор 2 зүйл, ховордож байгаа 12 ургамлыг Монгол улсын Улаан номд оруулсан байдаг.
Хан Хэнтийн ургамлын аймгаас хамгаалах зорилгоор нэн ховор 23 зүйл , ховор 2 зүйл, аж ахуйн үйл ажиллагаанаас ховордож байгаа 12, бүгд 37 зүйл ургамал Монгол Улсын Улаан номонд орсон байдаг.
Хан Хэнтийн дархлагдсан нутагт 90 %-ийг ой эзэлдэг бөгөөд төрөл бүрийн жимс жимсгэнэ, эмийн болон гоо сайхны, тэжээл, хүнсний ургамлаар баялаг. Энд эмийн ургамал 284 зүйл, гоёл чимэглэлийн 287 зүйл, тэжээлийн 529 зүйл, хүнсний 46 зүйл, эфирийн тос 31 зүйл, витаминт 134 зүйл, будагч бодист 20 зүйл, аргаах бодист ургамал 16 зүйл тус тус байдаг.